Return   Facebook

The Universal House of Justice

Ridván 2022

To the Bahá’ís of the World

Dearly loved Friends,

Бэлтгэл ба эргэцүүлэл хийсэн, мөн агуу их хүчин чармайлт гаргасан жил өнгөрлөө. Дэлхий даяар анд нөхөд Абдул-Бахагийн Тэнгэрт хальсны зуун жилийн ойг дурсан тэмдэглэхэд хүчин чармайлт гаргаж, үүнд Ариун Газарт болсон Абдул-Бахад хүндэтгэл үзүүлэх тусгай арга хэмжээнд төлөөлөгчдөө илгээсэн онцгой жил байлаа. Энэ бүх хүчин чармайлтын үрээр Абдул-Бахагийн амьдралын жишээнээс онгод, урам зоригийг зөвхөн Бахайчуудаар тогтохгүй мөн тоолж баршгүй олон бусад хүмүүс ч мэдэрлээ. Тэрээр хүн төрөлхтний гэр бүлийн гишүүн нэг бүрд сэтгэл санаа тавьдаг байсан, сургаалыг багшлахад ажил үйлсээ зориулж байсан, боловсролын ба нийгмийн сайн сайхны төлөөх олон санаачилгыг дэмжиж байсан, өрнө дорно зүгт өрнөж байсан хэлэлцүүлэгт гүн үлдэцтэй хувь нэмрээ оруулж байсан, Мөргөлийн Ордон барьж байгуулах төсөлт ажлуудыг халуун дулаанаар уриалан дэмжиж байсан, Бахайн засаг захиргааны анхан шатны бүтцийг бий болгоход хүчин зүтгэж байсан, нийгэмлэгийн амьдралын олон талуудыг хөгжүүлж бойжуулж байсан зэрэг Абдул-Бахагийн амьдралын хоорондоо уялдаатай бүх онцлог тал нь Бурханд болон хүн төрөлхтөнд үйлчлэхэд Өөрийгөө тасралтгүй бөгөөд бүрнээ зориулж байсны тусгал юм. Абдул-Баха нь ёс суртахууны манлай тэргүүн ба хэн бүхнээс ч давсан оюун санааны увдис мэдлэгтэйгээрээ сүндэрлэсэн сод хүмүүн байснаас гадна Бахауллагийн Үүдэл нээлтээс ундран гарсан хүчнүүдийг чөлөөлөн ертөнцөд үр нөлөөллийг нь үзүүлэх цэвэр нандин суваг байсан. Шүтлэгт агуулагдаж буй нийгмийг бүтээн босгох хүч чадлын утга учрыг ойлгохыг хүсвээс Өөрийн ариун засаглалын хугацаанд хийж бүтээсэн Абдул-Бахагийн ололт амжилт, Түүний Бийр дороос тасралтгүй ундарч байсан удирдамжийн хувьсган өөрчлөгч үр нөлөөг харахад л хангалттай юм. Өнгөрсөн оны Ризванаар та нарт хандаж бичсэн илгээлтдээ бидний тоймлон дүрсэлсэн, өнөөгийн Бахайн нийгэмлэгийн гайхалтай олон ололт амжилт нь чухамдаа Абдул-Бахагийн гаргаж байсан үйл хөдөлмөр, шийдвэр, удирдамж чиглэлээс эх үүсэлтэй билээ.

Чухам тиймээс Бахайн нийгэмлэг даяараа Төгс Үлгэр жишээ Түүний дурсгалд хамтаараа хүндэтгэл үзүүлж буй нь, нийгмийг бүтээн босгох Шүтлэгийн хүч чадлыг урьд хождоос илүү өргөн хэмжээгээр илрүүлэн гаргахад чиглэсэн томоохон үйл ажиллагааг эхлүүлэхэд бэлтгэл болж өгч байгаа нь юутай зохистой хэрэг вэ. Есөн Жилийн Төлөвлөгөө болон өнөөгийн цуврал Төлөвлөгөөний хүрээнд багтаж буй үйл ажиллагааны чиглэлүүд нь чухамдаа энэхүү ерөнхий зорилтод чиглэж байна. Тус зорилтод түүнчлэн оюун санааны энэхүү агуу үйл хөдөлгөөний гарааг тавихаар дэлхий даяар хуран чуулж буй 10,000 гаруй чуулга уулзалтууд төвлөрч байгаа билээ. Зөвхөн Бахайчууд төдийгүй эв нэгдлийг бий болгох, дэлхий ертөнцийн сайн сайхан аж байдлыг хөхиүлэн дэмжих хүсэл эрмэлзлээрээ нэгдэж хүн төрөлхтний сайн сайхны төлөө сэтгэл санаагаа зориулан буй бусад олон хүнийг нэг дор нийлүүлсэн эдгээр чуулга уулзалтад урд өмнө нь байгаагүй асар олон тооны хүмүүс оролцох төлөвтэй байна. Тэдний шийдэмгий зоримог, эрхэм зорилгодоо хөтлөгдсөн байдал нь нэгэнт болоод өнгөрсөн чуулга уулзалтуудаас үүссэн онцгой уур амьсгалаас тодхон харагдаж байгаа юм. Өрнүүн зөвлөлдөөн хэлэлцүүлэгт өөрсдийн хувь нэмрийг оруулснаас төдийгүй баяр хөөр дүүрэн эдгээр арга хэмжээний үеэр хамтын зөн харааг авч хэлэлцсэнээс оролцогчдын сэтгэл бадран асжээ. Ирэх сар, он жилүүд юу авч ирэх бол гэж бид сэтгэл догдлон хүлээж байна.

Бид 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн илгээлтээ Зөвлөхүүдийн Зөвлөгөөнд илгээснээс хойш Үндэсний Оюун Санааны Чуулгууд болон Бүсийн Бахайн Зөвлөлүүд нь Есөн Жилийн Төлөвлөгөөний хүрээнд өөрсдийн хариуцсан газар нутаг дахь кластеруудад өсөлтийн үйл явцыг эрчимжүүлэх боломжид нухацтай үнэлгээ хийсээр ирлээ. Цаг хугацааны явцад гарах ахиц дэвшлийг үе үе үнэлэхийн тулд Төлөвлөгөөг дөрөв болон таван жил үргэлжлэх хоёр үе шаттайгаар хэрэгжүүлэх нь зүйтэй хэмээн бид үзэж байгаа бөгөөд Үндэсний Чуулгуудад тус тусынхаа нийгэмлэгт 2026 оны Ризван, мөн 2031 оны Ризван гэхэд гарах ахиц дэвшлийг урьдчилан тооцоолж үзэхийг зөвлөсөн билээ. Ийнхүү төлөвлөх явцдаа кластеруудын хил хязгаарыг дахин эргэн харсан бөгөөд үүнтэй холбоотойгоор хийсэн тохиргооны үр дүнд дэлхий даяарх кластерын тоо дөрөвний нэгээр нэмэгдэж эдүгээ 22,000-аас даваад байна. Бидний хүлээж авсан урьдчилсан тооцооноос үзэхэд Төлөвлөгөөний эцэс гэхэд 14,000 кластерт өсөлтийн хөтөлбөр аль нэг шатандаа хэрэгжиж байхаар байна. Түүний дотор эрчимтэй өсөлтийн хөтөлбөр хэрэгжих кластерын тоо мөн хугацаанд 11,000-д хүртлээ өсөх төлөвтэй байна. Эдгээрээс, гуравдугаар заагаа өнгөрсөн кластерын тоо 2031 он гэхэд 5,000 давна гэсэн тооцоо байна. Ийм амжилтад хүрэх нь Төлөвлөгөөний туршид асар их хүчин зүтгэл шаардах нь гарцаагүй. Гэсэн хэдий ч эдгээр зорилтыг бид тэмүүлбэл зохих зорилт хэмээн үзэж байна, учир нь эдгээр нь зоримог ч хүрч болохуйц зүйлийг нухацтай үнэлсний илэрхийлэл юм.

Энэ нь нэгэн чухал зүйлийг тодхон өгүүлнэ. Засаг захиргааны институци, агентлагууд маань илэрхий мэдэгдэхүйцээр хувьсан хөгжиж, улмаар тооны хувьд байнга нэмэгдэж буй олон хүмүүсийг хамран маш хурдтай өсөн үржиж буй үйл ажиллагаатай тийм нийгэмлэгийн ажил хэргийг зохицуулах чадавхын хувьд дорвитойгоор өсөөгүйсэн бол ийм зоримог зорилтыг бодитоор төсөөлөн үзэх боломжгүй байх байсан юм. Хэрэвзээ, хийж хэрэгжүүлэх, хийснээ эргэцүүлэх, олсон сургамжаа тодорхойлж авах, өөр хаа нэгтээ хуримтлуулсан туршлагаас шингээж авах эрмэлзэл, нэг үгээр хэлбэл, суралцах хүсэл эрмэлзэл нийгэмлэгийн анхан шатнаас авхуулаад бүхий л түвшинд төлөвшөөгүй байсансан бол ийм өндөр өсөлтөд тэмүүлэх боломжгүй байх байсан. Түүнчлэн Бахайн ертөнцөд сургаалыг багшлах ажилд болон хүний нөөцийг хөгжүүлэхэд системтэй арга барил улам илүүтэйгээр хэрэглэгддэг болоогүй байсансан бол ийм өндөр тоонд хүрэхэд шаардлагатай хүчин зүтгэл гаргах нь төдийлөн боломжгүй байх байсан. Энэ бүхний үр дүнд Бахайн нийгэмлэг маань өөрийнхөө мөн чанар, зорилгын талаар илүүтэйгээр ухамсарлан ойлгох явдалд ахиц дэвшил гарсан юм. Нийгэмлэгийг бүтээн босгох явцдаа гадаад нийгэм рүү нээлттэйгээр хандаж ажиллах гэсэн шийдэмгий хүсэл эрмэлзэл олон олон газрын нийгэмлэгийн соёл болж тогтоод зогсохгүй энэ нь цэцэглэсээр Бахайн нийгэмлэгийн гишүүдээс хальж нийгэм дэх илүү өргөн бүлэг хүмүүсийн оюун санааны болон материаллаг хөгжил дэвшлийн төлөөх үүрэг хариуцлагыг бодитоор үүрэх явдал улам олон нийгэмлэгт бий болжээ. Нийгэмлэгийг бүтээн босгох, нийгэмд чиглэсэн үйл ажиллагаанд хувь нэмрээ оруулах, нийгэмд түгээмэл буй хэлэлцүүлэгт оролцох гэсэн анд нөхдийн хүчин чармайлтууд нь бүхий л ажил хэргээ оюун санааны зарчим дээр суурилан авч явуулдаг болоход нь хүн төрөлхтөнд туслахад гол анхаарлаа чиглүүлсэн үйл ажиллагааны нэгдмэл нэг хүрээнд уялдаж, дэлхий дахиныг хамарсан үйл хөдөлгөөн болж хувирсан. Засаг захиргааны Эмх журмын эхлэл тавигдсанаас хойш зуун жил өнгөрсөн энэ мөчид энд бидний дүрслэн өгүүлсэн ахиц дэвшлүүдийн ач холбогдлыг онцлон тэмдэглэхгүйгээр өнгөрөхийн аргагүй юм. Сүүлийн хорин жилийн хугацаанд чадавх гайхалтайгаар хөгжсөн явдлаас, үүний улмаас өөрсдийн хийж буй хүчин чармайлтыг Бахайн ертөнц даяараа нийгмийг бүтээн босгох Шүтлэгийн хүч чадлыг нээн илрүүлэх гэсэн утгаар авч үзэх боломжтой болсон явдлаас бид Бурханы Үйл хэрэг эдүгээ Бүрэлдэн тогтох Эриний зургаадугаар эрин үедээ хөл тавин орсны няцаашгүй шинж тэмдгийг олж харж байна. Өмнөх жилийн Ризванаар бид, сүсэг бишрэлийн оч зүрх сэтгэлд нь бадарсан, өөрсдийн нутаг, нийгэмлэгтээ үйлчлэх чадвар чадавх эзэмшиж буй маш олон тооны хүмүүс Бахайн үйл ажиллагаанд өргөнөөрөө оролцож буй үзэгдэл нь Хайрт Багшийн Тэнгэрлэг Төлөвлөгөөний гуравдугаар эрин үе эхэлсний дохио болсныг зарласан билээ. Ийнхүү Нэг Жилийн Төлөвлөгөө нь эхэндээ ч, одоо төгсгөлдөө ч үнэнч сүсэгтэн нарын нийгэмлэг маань түүхэн хэд хэдэн амжилт гаргасныг гэрчилж байгаа юм. Хүчирхэг шинэ төлөвлөгөөний босгон дээр сүсэгтэн олны эвсэг нэгдмэл бие бүрэлдэхүүн маань өмнө нь өргөнөөр цэлийж буй боломж бололцоог шүүрэн авч ашиглахад бэлэн зогсож байна.

Эдүгээ өндөрлөж буй эрин үеийн нэгэн онцлог нь тивийн чанартай сүүлийн Мөргөлийн Ордонг барьж дуусгасан, түүнчлэн үндэсний болон орон нутгийн түвшинд Мөргөлийн Ордонууд барьж байгуулах ажил эхэлсэн явдал юм. “Машрикул-Аскар” хэмээх ухагдахуун болон түүний бодит илэрхийлэл болсон, мөргөн сүсэглэх үйл ба үйлчлэхүй хоёрын нэгдлийн талаар Бахайчууд дэлхий даяар их зүйлд суралцсан билээ. Бүрэлдэн тогтох үеийн зургаадугаар эрин үеийн хугацаанд нийгэмлэгийн хүрээнд мөргөн сүсэглэх амьдрал хөгжин цэцэглэж, улмаар түүнээс урам зориг аван үйлчлэх соёл хөгжин цэцэглэж эхлэхээс Машрикул-Аскар үүсэх хүртэлх нийгэмлэгийн хөгжлийн замын талаар бүр их зүйлд суралцах болно. Хэд хэдэн Үндэсний Оюун Санааны Чуулгатай энэ асуудлаар зөвлөлдөөн өрнөж эхлээд байгаа бөгөөд эдгээр нь цаашид үргэлжлэхийн хэрээр бид ирэх жилүүдэд Бахайн Мөргөлийн Ордон баригдах газруудыг үе үе зарлах болно.

Агуу их Алдарын нийгэмлэг маань нэг амжилтаас нөгөө амжилтад хүрч улам хүчтэй болж байгааг хараад баяр хөөрөөр бялхсан бидний сэтгэл гашуун гуниг, туйлын зовлон шаналал авчирсан нөхцөл байдал, зөрчил тэмцэл дэлхий ертөнцөд оршсоор байгааг хараад, ялангуяа олон улсын харилцааг бусниулан хүн ардыг аймшигт умбуулсан сүйтгэн хөнөөгч хүчнүүд дахин оволзон гарч ирж байгааг ажиглан хараад төрсөн гүн гүнзгий харамсалд өөрийн эрхгүй дарагднам. Олон янзын нөхцөл байдал дунд Бахайн нийгэмлэгүүд удаа дараалан харуулсанчлан, Бахауллагийн дагалдагч нар өөрсдөө гачигдан дутагдаж байгаа хэр нь эргэн тойронд нь буй зовлонд нэрвэгдсэн хүмүүст яаралтай тусламж дэмжлэг үзүүлэхэд өөрсдийгөө зориулан тууштай ажилладаг билээ. Гэвч хүн төрөлхтөн бүхэлдээ ажил хэргээ шударга ёс ба үнэн мөн дээр тулгуурлан зохион байгуулах явдлыг баталгаажуулахаас нааш харамсалтай нь, нэг гамшгаас нөгөө гамшигт нэрвэгдэн бүдэрч явсаар байх болно.. Саяхан Европт дэгдсэн дайн нь ирээдүйд хэрэгтэй сургамж өгөх ёстой юм бол тэр нь жинхэнэ бөгөөд тогтвортой энх амгаланд хүрэхийн тулд дэлхий ертөнц ямар замаар зүглэн явах ёстойг анхааруулсан яаралтай дохио болоосой хэмээн бид залбирч байна. Өөрийн цаг үеийн хаад ноёд, ерөнхийлөгчдөд хандаж Бахауллагийн айлдсан зарчмууд, өнгөрсөн ба ирээдүйн удирдагч нарт Түүний ногдуулсан жинтэй үүрэг хариуцлагууд нь магадгүй Түүний Бийрээр анх туурвигдсан тэр үеэс ч илүүтэйгээр өнөөдөр цаг үеэ олсон байж болох бөгөөд тэдгээрийг зайлшгүй хэрэгжүүлбэл зохистой юм. Гай зовлон, үймээн самуун дагуулж байгаа хэдий ч эцсийн дүндээ хүн төрөлхтнийг шударга ёс, энх амгалан, эв нэгдэл рүү түлхэн зогсолтгүй урагшилж буй Бурханы Их Төлөвлөгөө нь, сүсэгтэн олны эрч хүч голчлон зориулан зүтгэж буй тэрхүү Бурханы Бага Төлөвлөгөөний өрнөх орчин нь болдог билээ. Өнөөгийн нийгмийн эх захгүй, замбараагүй байдал нь нийгмийг бүтээн босгох Шүтлэгийн хүч чадлыг нэн даруй гарган тавих шаардлага тулгамдаад байгааг хангалттай харуулж байна. Бид одоогоор үймээн самуун, хямралт байдал ертөнцөд үргэлжлэн нүүрлэсээр байх болно гэдгийг зөвшөөрөхөөс аргагүй. Тийм учраас Бурханы бүхий л үр садыг цочирдол төөрөгдөл ба гашуун зовлон зүдгүүрээс ангижруулахын төлөө хичээнгүй залбирлаа өргөхтэйгөө хослуулан бид Энхийн Хунтайжийн Үйл хэрэгт үзүүлж буй та бүхний нэн чухал шаардлагатай үйлчилгээ амжилт олоосой хэмээн мөн адил хичээнгүй сэтгэлээр мөргөн залбирдгийн учрыг та бүхэн ойлгох нь дамжиггүй биз ээ.

Төлөвлөгөөний үйл ажиллагаа эрч хурдцаа нэмж буй кластер бүрд 2021 оны 12 дугаар сарын 30-ны илгээлтдээ дүрсэлсэн эрхэм буянт шинж төрхтэй нийгэмлэгүүд торнин хөгжиж байгааг бид харж байна. Нийгэм төрөл бүрийн цочрол, дарамтад автах тусам Абха-н Гоо жавхлангийн дагалдагчид өөрсдийн гандан бууршгүй бат бөх чанар болон аливаа асуудалд хандах эрүүл (рационал) ухаанаараа, биеэ авч явах өндөр хэм хэмжээ ба зарчимд хатуу үнэнч байдлаараа, мөн эв нэгдлийг бий болгох гэсэн хүчин чармайлтдаа энэрэнгүй, аливааг огоорох, уужуу тэвчингүй сэтгэл харуулдгаараа ялгаран тодрох ёстой. Зовлон бэрхшээлтэй хүнд үеүдэд сүсэгтнүүд онцгой шинж чанар, хандлагыг удаа дараалан илтгэн харуулж ирсний улмаас ялангуяа гай зовлон, гэнэтийн гамшигт нэрвэгдэн нийгмийн амьдрал буснин самуурсан үед хүмүүс тайлбар, зөвлөгөө, дэмжлэг хүсэн Бахайчуудад өөрийн эрхгүй ханддаг болсон байна. Эдгээр ажиглалтуудыг та бүхэнтэй хуваалцахын хажуугаар Бахайн нийгэмлэг ч дэлхий ертөнцөд нөлөөлж буй тархаан бутраагч хүчнүүдийн нөлөөг өөр дээрээ амсдаг гэдгийг бид ухаарч байгаа. Түүгээр ч үл барам, Бурханы Үгийг түгээн дэлгэрүүлэх гэсэн анд нөхдийн хүчин зүтгэл хэдий чинээ агуу байх тусмаа эрт орой хэзээ нэгэн цагт зарим нэг зүгээс төдий чинээ хүчтэй сөрөг урсгалтай тулгарна. Зайлшгүй тулгарах сорилт бэрхшээлийг сөрөн давахын тулд өөрсдийн оюун ухаан ба оюун санаагаа тэд улам бүр бэхжүүлэх ёстой. Эс бөгөөс эдгээр сорилт нь тэдний хүчин чармайлтын нандин цогц байдлыг сааруулан алдагдуулах вий. Гэхдээ урагшлах замд нь хэчнээн ширүүн шуурга тэднийг угтан хүлээж байсан ч Бурханы Үйл хэргийн хөлөг тэр бүх шуургыг давахад дүйцэхүйц чадалтай гэдгийг сүсэгтнүүд сайн мэдэх билээ. Эл хөлөг нь аян замынхаа дараалсан үе шат бүрд байгалийн элдэв үзэгдлийг үл ажран сөрж, далайн давлагааг номхруулж байсныг бид гэрчлэн харсан билээ. Эдүгээ эл хөлөг шинэ хаяа руу зүглэн аялж явна. Хүчирхэг Бурханы тусламж баталгаа нь хөлгийн далбааг үлээж, түүнийг очих ёстой боомтын зүг урагшлахад нь дэм түлхэц өгч буй салхи нь болж байна. Харин Гэрээс нь зөв баталгаатай замаар ариун хөлгийг аялахад зүг чигийг заагч алтан гадас нь болж байна. Энэхүү хөлгөнд багтан аялж буй бүх хүнд тэнгэрийн хүчнүүд адис ивээлээ хайрлах болтугай.

 

Windows / Mac